Monday, June 20, 2011

Манай ангийнхан. 1

МУИС-ийнхны хонхны баярыг хараад ангийнхнаа дурсав. Уг нь тэртээ жилийн өмнө намар бичиж байсан бичлэг. Бүгдийг нь бичих гэхээр нэлээн урт болчихоод байсан учир хэсэгчиллээ.

2003 оны намар МУИС гэдэг том айлын босгыг жинхэнэ хөдөөний хөөсөн мантуу алхан орж билээ. Улаан, тэгсэн мөртөө сайртай хацартай (кк ичингүйрэв...), бов бор царайтай (одоо ч нэг их сүрхий цайгаагүй л дээ) жинсэн өмд, пүүз өмссөн, үсээ ардаа даруухан гэгч нь боосон, ичингүйрээд хүнтэй ч үг дуугарч чадахгүй тийм л охин хичээлийн хоёрдугаар байранд төөрсөөр Социологийн тэнхмийн үүдэнд очиж байсан даг. Тэр үед бас л надархуу байрын нөхдүүд тэнд цугларсан байсан нь 4 жил бие биенээ “мэлрэх” ангийнхан маань байж билээ.

Би одоо ч тод санадаг юм. Энд тэндээс цугларсан ангийнхан маань бие биен рүүгээ сонжсон харц чулуудаж байсныг. Хамгийн түрүүнд нүдэнд туссан хүн бол Хишигээ байсан юм. Бид нар дундаа л арай өнгөлөг нь байсан болохоор хамгийн түрүүнд анхааралд өртөө биз. Манай ангийн ганц “Баясгалан” байсан юм. Гоё дуулнаа. Даанч 3-р курс төгсөөд л бид нарыгаа орхиод алсын Америк руу явчихсан. Одоо ч гэсэн тэнд л байгаа.

Харин дараа нь анхаарал татсан товарищ бол яахын аргагүй Урнаа. Аялгатай яриагаараа Увсынх гэдгээ байнга сануулдаг, эрч хүчтэй, манай ангийн Гала байлаа. Тод өнгөтэй, загварлаг хувцаснуудаараа 4 жил бидний нүдийг баясгасан даа. 3 билүү, 4-р курст байхад улаан шоотой юбкатай явж байхдаа сургуулийн урд талын Tse-гийн тэнд байх шон дээгүүр давж унаад, юбка нь яг зонтик шиг дэлгэгдэж байсныг нь саяхан болсон явдал шиг л тод санаж байна. Ёстой янзтай. Одоо бол ШУТИС-ийн багш хийгээд л гүйгээд байгаа.

9 сарын 1-нд манай ангид цор ганц MONTANA-тай залуу байсан нь Гансэлэм юмаа. Капитал биш юмаа гэхэд басхүү Ситигээс (Эрдэнэт) ирсэн гэхдээ хорь гаруй нөхдүүдийг тэр даруй л зохион байгуулалтанд оруулж Ангийн дарга болж байсан сэргэлэн эр. Оюутнуудыг цэвэр цэмцгэр байхыг уриалж сургуулийн 2 давхараар хогийн савнууд тавьж карьерээ эхэлсэн. За тэгээд Сэлэмтэй холбоотой сэдвийг яриад ямар дуусах биш, цэглэе. Төрөлх Эрдэнэтдээ юу л хийж манаргаж яваа бол...

Сэлэм гэхээр Баагий санаанд ордог юм. Охидын лавлах 1919 л дөө. Сэлэмийг л ангийн дарга болгоно гээд зүтгэж ч байснаараа танигдсан, манай 9 эрдэнийн нэг ээ. ЖонСо ЖонСо л гээд л гээд гүйгээд байдаг байсийн. (ЖонСогийн талаар жич ярина) Одоо ч алсын Америк, бишээ Чехэд монголынхоо нэрийг гаргаж яваа.

Нэг л их сэтгэл татам инээмсэглээд л, тэрүүгээрээ ангийн хөвгүүдээр зогсохгүй Түүхийн багшийг ч доргиогоод авсан Алтаргана ёстой од байлаа. Даанч ердөө нэгхэн семестрийг бидэнтэй хамт өнгөрөөгөөд бас л алдарт Америк явчихсан. Гэхдээ 3 жилийн дараа ангийнхантайгаа уулзана гээд эргэж ирж байсан, ангийнхнаа гэсэн сэтгэл байсаан түүнд. Одоо хаана юу хийж явдаг юм бол...

За тэгээд ангийнхны тухай яриад бичээд байвал ч дуусахгүй дээ. Сангийн сайд С.Баярцогт бага насандаа ийм л байсан болов уу гэмээр гялалзсан бүлтгэр нүдтэй, шав шув хийсэн хөдөлгөөнтэй, “юм юмандаа сайн”, тэнхимээс авахуулаад НШУС, МУИС-ийн хамаг л шагналыг түүсэн тэр нэгэн бол Батзул. Английг нь чаддаггүй юм бол хятадыг нь сурнаа гээд урд хөршийг зорьчихоод байгаа. Хоёр жилийн дараа эргэж ирээд улс гэрээ төвхнүүлэх юм байгаа биз.

Та бидний итгэлийг алдаагүй, Тамирчны алдар хямдхан олдоогүй. Энэ дууны мөрүүд хэнийг санагдуулах вэ? Мэдээж Заяа. Дөрвөн жил МУИС-ийн шигшээд гүйж, олон ч тэмцээнээс АЛТан медаль авчирсан даа. Заяа маань одоо ээж болчихсоон. Нисэх орчмоор л даялаад байгаа. Удахгүй бэлтгэлээ хийгээд эхэлмэгц нь Сэнгүр лигээс харна бизээ.

No comments: