Monday, February 23, 2009

Яагаад мобиком гэж...

Одоогийн байдлаар манай улсад үүрэн телефоны 4 оператор ажиллаж байна. Үүрэн телефон хэрэглэгчийн тоо эртээдхэн нэг саяд хүрсэнийг Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газраас зарлаж, алиныг нь ч гомдоолгүйгээр 4 операторын хэрэглэгчдээ бэлэг түгээж байсныг санаж байна. Мобикомын зүгээс бол гар утастай 5 хүн тутмын 3 нь ч билүү 4 нь ч билүү Мобиком хэрэглэдэг гэж рекламддаг юм байна лээ. Энэ хэдийгээр хэтрүүлэгтэй ч үнэний ортой, ер нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь мобиком гэдэгтэй хэн ч санал нийлэх л байх. За ингээд үндсэн хэсэг рүүгээ орьё. Мобикомын хэрэглэгчид давхар хариулаад, бас санаагаа нэмэрлээд явчихна биз.

Яагаад заавал мобиком гэж? Хэрэглэгчийн үүднээс бодохуйд

Хамрах хүрээг эс тооцоод эхэлбэл юун түрүүнд анхдагч учраас гэсэн шалтгаан бичигдэх байх. Анх гар утас гээчийг таниулж, гар утас гэдэг бол мобиком гэсэн ойлголтыг төрүүлсэн учраас "билэгт тоо" 99 -өөр эхэлсэн л бол гар утас гэсэн "хөдөө" сэтгэлгээ өдгөө хүртэл бат оршсоор буй. Анхдагч гэдэгтэй холбоотойгоор анхнаасаа л хэрэглэсэн хэмээх дараагийн шалтгаан орж ирнэ. Хэрвээ шинийг эрэлхийлэгч, өөрийг туршигч биш л бол манайхны сэтгэлгээний онцлог нь ижил дасал болсон оператороо, өөрөөр хэлбэл дугаараа, "үйлчилгээ"-гээ тэр бүр солиод байхыг хүсдэггүйд оршино. За яахав солимоор санагдлаа, шинийг эрэлхийлэхээр шийдлээ гэж бодъё. Гэтэл ойр дотны бүх харилцдаг хүмүүс нь "моби"-той байдаг нь дараагийн шалтгаан болж өгч байна. Мобикомын бусад сүлжээнд хандсан тариф "арай дэндүү" үнэтэй учир өөр операторыг сонгогч маань ч, үүрэн телефоны анхдагчийг сонгогч маань ч аль аль талдаа шаталтанд ихээр ордог нь мобигоос татгалзахгүй байх бас нэгэн нөхцөл билээ. Дараагийн шалтгаан бол "лаг"-ууд мобиком хэрэглэдэг гэх ойлголт. Гар утсыг хэрэглээ гэхээсээ илүүтэй гангараа гэж тооцогчид, үнэтэй юм хэрэглэнэ гэдэг нь нэг л их лаг хүний шинж гэж боддог зэрэг нь энэ үзлийг улам бүр гааруулпаг. Манайхны энэ ойлголт, үзэл нь Мобикомын үндэс суурийг улам батжуулж, бэхжүүлж өгдөг учир бусад үүрэн телефоны операторуудад лав л ойрын хугацаанд мобикомыг түлхэж унагаах боломж олдохгүй дэг.

За энэ дээр дурдсан зүйлс бол Мобикомын хэрэглэгч байх үндсэн шалтгаанууд болж өгч байгаа юм. Эд нар дээр нэмэгдээд бас нэлээд хэдэн туслах шалтгаанууд орж ирнээ. Энэ талаар дараагийн удаа бичнэ. Тэгэхээр Мобитонгууд аа дээрх үндсэн шалтгааны алинд нь багтаж байгаа сэтгэгдлээ үлдээгээрэй.

No comments: