Monday, February 23, 2009

Эдийн засгийн хямрал

Цаана чинь дэлхийн эдийн засаг хямарч байна гэнэ. Бас болоогүй ээ, дэлхийн нэгээхэн хэсэг юм болохоороо Монголын ч эдийн засаг хямарч байна гэнэ. Монголын нэгээхэн хэсэг юм болохоороо бас миний ч эдийн засаг хямарч байна. Цалингаараа өөрийгөө болгоод байдаг цаг үе минь ард хоцорч байх шиг байна. Өдөр ирэх тусам мантуун бууз, хуушуур үнэд ороод 3-4 ширхэгийг өлхөн авчихаад байдаг байсан бол одоо хүчрэхээ байж эхлэх нь. Заримдаа хальтхан тансаглаад бифштекс, нарийн махан хуурга, цаашилбал Со хоол энэ тэр "явуулчихаад" байдаг байсан бол одоо бүр "нет коля" гэдэг нь болж байна.

Өөрөө ийм байдалтай болоод ирэхээрээ ард түмний амьдралыг гадарлахтай болдог бололтой. Би ч халгиж цалгисан баян амьтан биш л дээ. Ард түмний амьдрал гэж "дээгүүр" яриад байгаагийн учир нь энэ хэдэн улстөр хийгчдээс л болж байгаа хэрэг. За энэ ч яахав. Хоногийн хоолоо залгах гэж ядарч яваа хүмүүсийн талаар хэвлэлээс уншиж л байснаас биш биеэр мэдэрнэ гэдэг???

За за би ч нэг их өлсөж, цангаад туйлдаа хүрчихсэн юм биш шүү. Гэхдээ л анкет бөглөхдөө өөрийгөө нийгмийн дунд давхарга гэж үздэг байсан миний бие одоо доод давхарга гэж бөглөхөд бэлэн болчоод л байж байна. Өөртөө, бас бор овоохойдоо зарцуулаад хүрээд байдаг байсан "өндөр" цалин минь аманд ч үгүй, хамарт ч үгүй л болчлоо. Тэгээд л өрийн сүлжээ үүсгээд энд ч нэг зээл, тэнд ч нэг өр. Ёстой нөгөө урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөөд л, эсвэл хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд л. Сүүлдээ бүр мөнгө зээлдүүлэх хүн ч олдохоо байсан. Би л муухай санаалаад хүний мөс муудаж энэ тэр гэж бодоод байсан чинь үгүй юм байна. Тэд маань ч гэсэн хөөрхий хямралд автчихсан юм байна шүү дээ. Ажлын газраас нь цалингий нь өгөхгүй байгаа /ер нь бол ажлын газар нь нарийлаад өгөхгүй байгаа ч юм биш, тэд нар нь бас хямралд автчихсан/, цалингаа авсан ч амьдралд нь хүрэлцэхээ больчихсон байгаа зэрэгтэй л холбоотой юм билээ.

За тэгээд Баяр сайдынхаа хэлснээр бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрээд байна даа. Хэдий хүртэл чангалах юм байгаа бүү мэд? Ер нь энэ дээгүүр "ард түмний амьдрал" гэж яриад байгаа улстөр хийгсдэд энэ "хямрал" нөлөөлж байгаа юм болов уу? Хэзээ нэг доошоо бууж бодит байдалтай танилцах юм бол?

No comments: