Monday, February 23, 2009

Өвөрхангайд зорчсон тэмдэглэл. Төгсгөл

Хоёр дахь өдрийн орой мөнгөө хэмнэх санаатай дэлгүүрээс "тущенка", талхтай авав. Тэгээд буудалдаа ирээд идэх гэтэл талхаа зүсэх, лаазалсан махаа онгойлгох зүйл харин ч нэг байдаггүй юм даа. Буудлын жижүүрээс гуйгаад ч байдаггүй. Өөртөө байгаа "эд хэрэгсэл"-ээ ахиад нэг харлаа. Хөмсөгний хайчаа золигт гаргахаас өөр арга байдаггүй. Надад ч овоо сургамж боллоо доо. Дараагийн удаа ийш тийшээ явахдаа зөвхөн эрчүүдэд л хэрэгтэй гэж боддог тэр нэгэн "хэрэгсэл"-ийг заавал авч явна даа. :-)

Гурав дахь өдрийн өглөө болов. Өвөл айлчилсан хэвээрээ. Өнөөдөр 14 цаг гэхэд Улаанбаатар явах автобусанд амжихын тулд үлдсэн хүмүүстэйгээ уулзах шахуухан төлөвлөгөөтэй буудлаасаа гарлаа. Уулзаад л, ярилцаад л, судлаад л. Гэхдээ л автобусанд амжсангүй. Захын тэндээс микро автобуснууд орой явдаг гэж таксины жолооч ахаас дуулав. Таксины жолооч гэснээс Өвөрхангайн таксинууд хаашаа ч явсан 2500-р явж байв. Мөн хамгийн сонирхолтой нь мотоциклон такси байдаг юм байна. Хаашаа ч явсан 700 төгрөг. Хөөрхөн байгаа биз. Зуны цагт бол машин энэ тэр гэхгүйгээр мотоцикл дээр сундлаад давхиад байхад бол боломжийн л эд. За тэгээд нөгөөх микро автобусаар хот руу гарахаар шийдлээ. Хамаг юмаа хамж аваад өнөө муучлаад байдаг буудлаасаа ч гарлаа. 15 цагийн үед зах дээр давхиад очтол 10 гаруй микро /микро л гээд байдаг үнэндээ дотроо истана өөр юу юу ч билээ олон янз юм билээ/ бүгд хүнгүй, хот явна гээд зогсож байдаг байгаа. Нэг жолооч юу юугүй нэг машинд суулгачлаа. Бас л хоосон. Тэгсэн чинь 8 хүнтэй байгаа, хүнээ дүүргээд орой явна гэнэ. Гэтэл эд нар чинь бүгдээрээ орой яваад сурчихсан, ирж жолоочдоо бүртгүүлчихээд гэртээ харьчихдаг юм байна ш дээ. Тэгээд орой жолооч нь гарахдаа бүгдийг нь цуглуулаад л болоо. Энийг нь асууж мэдэхгүй ирж суугаад харин ч нэг гэнэдлээ. Мэдсэн бол хүйтэн буудалдаа хэвтэж байхгүй юу. За энэ ч яахав.

Цаг өнгөрөөхийн тулд захаар нь хэслээ. Нутгийн юм юу байна энээ тэрээ гэсэн "Дэлгэрэх" гээд бий, гэхдээ сүүлийн үед муудаад байгаа гэж сонсоод болив. Нэг лангуун дээр "Өвөрхангай" гэж харагдлаа. Гэтэл үйлдвэрлэгч нь Увс Хүнс байдаг байгаа. Болив. Айрган дээр л буулаа. Амт нь бол таалагдсаан.

Орой ч болж, хүнээ цуглуулж эхэллээ. Аймгийн төвөөр машинтай давхиж байтал нэг их шинэхэн хар зам нүдэнд тусав. УИХ-ын гишүүд нь сонгуулиас өмнө тавьж өгсөн гэнэ. Эднийхэн ч бас "азтай" юмаа. 4 жилдээ ганц харагддаг "эрхэм" гишүүдээс ганц ч болохноо замтай салдаг. Гэхдээ бусад аймгийнхантай харьцуулахад онцлог нь эднийхнээс маш олон хүн солонгос явж чадсанд байгаа юм. Бүр Солонгосчууд "Өвөрхангай гэдэг чинь танай нийслэл Улаанбаатарын дараа орох том хот уу?" гэж асуудаг хүртэл нь ихээр явсан. Ингэж явсаны хүчинд олон айлын амьдрал ахуй дээшилсэн, сайн хэрэг. Өнөөдөр Өвөрхангай хамгийн олон машинтай, байрны үнэ хамгийн өндөр аймаг болсон байна. Аймгийн төвөөр дүүрэн барилга байшин баригдаж, худалдааны төвүүд нээгдсэн байна. Гэхдээ энэ бол ард түмний амьдрал сайн сайхан байгаагийн илрэл огтхон ч биш. Цаана чинь хол газар, тусдаа байснаасаа болоод энэ нийгмийн тулгуур үндэс болсон гэр бүлийн хосууд үл ойлголцолд хүрэн, салж байна, үр хүүхдүүд өнчирч, эцгийн халамж хайрыг мэдэхгүй өсч байна, бие сэтгэлийн зовлон үүрсэн, албан бусаар "өрх толгойлсон" эмэгтэйчүүд маш их болж байна. Энэ чинь "гишүүд"-ийн зөвхөн нэг талыг л харсан, бүр нарийндаа бол мөрийн хөтөлбөрийг давуулан биелүүлэв гэж "коко" авах гэсэн, ирэх сонгуульдаа бэлтгэсэн, сайнаар ярих гээд үзвэл иргэдээ бодохдоо үр дүнг нь тооцоолоогүй "бодлого"-ын чинь алдаа бус уу? Битгий Солонгос явуулаач гэж хэлэхгүй ээ. Хүний эрхийн асуудал. Гэхдээ тэр хүмүүс нутагтаа ажлын байртай, амжиргааг нь тэтгэчих хэмжээний цалинтай байсан бол хэзээ ч хүний нутагт "боол" хийж, эрүүл мэндээрээ хохирч, эцэс сүүлдээ салж сарних дээрээ тулахгүй байсан шүү дээ. "Хар цайгаа уугаад ч хамаагүй халуун ам бүлээрээ байх нь дээр" гэсэн респондентийн үг нэгийг бодогдуулж байгаа биз? Сайн сайхан, аз жаргалтай амьдрал гэдэг бол хэн нэгэн гэр бүлийн гишүүн нь тусдаа байж, мөнгө олохын төлөө ажиллах явдал огтхон ч биш гэдгийг тэд өнөөдөр хэлж байна.

Өврийн сайхан хангайгаар гурван өдөр зорчсон минь товчхондоо нэг иймэрхүү. Дараа судалгааныхаа үр дүнг нийтэлнэ гэж бодож байна.

Жич: Нутгийн юм энээ тэрээ гээд явсан гэхээр намайг нэлээн гөвдөг гэж бодвоо! Зүгээр л гэрийнхээ эр хүндээ амсуулах гэж бодсон юм шүү.

No comments: