Monday, February 23, 2009

Өвөрхангайд зорчсон тэмдэглэл. Үргэлжлэл

Ер нь Өвөрхангайд худалдааны төв ихтэй юмаа. Хуучны худалдааны гудамж гэдэг шиг нэг гудамжаар яваад л хоёр талаар нь дүүрэн худалдааны төвүүд. Тэгээд бас болоогүй ээ. "Андууд", "Тэнгис" гээд сүрхий нэртэй байсан. Улаанбаатараар бол Хорооллын гудамж л гэсэн үг. За тэгээд буудалдаа ирээд дууссан билүү. Буудал маань их "социалист" байсан гэдгийг дээр хэлчихсэн. Дээр нь нэмэхэд маш хүйтэн, бас гэрэл нь ердөө ч нэг хэмээр асдаггүй, байнга бүдгэрч эсвэл тодорч, тэр нь цаас, компьютерийн дэлгэц ширтэхийн аргагүй болгож шууд л нүдээ аних төлөвт оруулж байв. Уг нь ЛЮКС гэдгийн яг дараагийн ангиллын өрөөнд л орсон юм даг.

Аан тийм. Ахиад нэг муучлахад халуун усгүй байсан. Буудлын нь үйлчлэгчээс "Халуун ус байдаггүй юмуу?" гэж асуусан чинь "Халуун устай өрөө байгаа, энэ байгаа өрөө чинь халуун ус өгдөггүй өрөө" гэдэг юм даа. За энэ ч яахав дээ. Тэгэж ингэсээр маргааш нь буюу томилолтын 2 дахь өдөртэйгээ золгов.

Эхний өдөр маань зуны налгар өдөр шиг өнгөрсөн бол 2 дахь өдрийн өглөө өвөл нүүгээд ирчихсэн байлаа. Зуны ботинк, нимгэн пальтотой "ганган хүүхэн хавар намар" миний бие цасан шуурганы амтыг харин ч нэг мэдэрсэн дээ. Дараагийн удаа явахдаа заавал дулаан хувцсаа авч явна гэж тэрүүхэн тэндээ тангараг өргөв. Энэ өдрийн эхний хагасын ТББ-ын төлөөлөлтэй уулзаж өнгөрөөх ажлын төлөвлөгөө ёсоороо хэд хэдэн байгууллагаар орохоор зорилоо. Эхний уулзсан хүмүүс маань "Орон нутгийн санаачлага" ТББ байлаа. Албаны биш, тэгээд бас байр байдлыг мэргэжлийн нүдээр хардаг гэсэндээ шал өөр байсан шүү. Дараа нь 85 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо, бас Бизнес эмэгтэйчүүдийн холбоо гээд нэлээд хэдэн ТББ-ын төлөөлөлтэй уулзсан. Цаадуул чинь эмэгтэйчүүдийн эрх, оролцооны асуудлыг авч үздэг болохоороо арай л өөр байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь бол ярилцлага хийхдээ "Хувь хүний нууцыг чандлан хадгална" гэсэн ам өчигтэй учир хэн юу хэлсэнийг "хар хайрцаг"-т хийгээд хав дарна шүү дээ.

Энэ уулзалтын үеэр нэг зүйлийг бүгд дуу нэгтэйгээр батлан хэлж байсан нь Нөхөр нь солонгос явсан эмэгтэйчүүдэд ирэх дарамт үнэхээр хүнд гэдгийг. Наад зах нь гадаа гарч эр, гэр орж эм болж явсаар байтал биеийн эрүүл мэнд мууддаг, дээрээс нь хүүхдүүдээ ганцаараа асарч хүмүүжүүлэх хүндхэн үүрэг ногддог, ер нь л ар гэрээ ганцаараа толгойлон авч явж албан бусаар "Өрх толгойлсон эмэгтэй" болчихдог аж. Дээрээс нь манайхны нэг муу зан болох сонжих, шордох нэмэгдээд /нөхөр нь солонгост байгаа юм чинь их мөнгөтэй байгаа, тийм байж аятайхан хувцас ч аваад өмсчихгүй, мөнгөтэй байж найз нөхөддөө ч зээлчихгүй гэх зэрэг/ нөгөө муусайн бүсгүйчүүдийг чинь ёстой дарамтанд оруулдаг юм байна лээ. Гадаад шилжих хөдөлгөөнтэй холбогдон босч ирж буй томхон асуудал бол ГЭР БҮЛ САЛАЛТ байв. Солонгос явсан нөхөр нь тэндээ хамтрагчтай болоод, ард үлдсэн эхнэр нь эндээ "нууц"-тай болоод, ингээд л нийгмийн тулгуур үндэс болсон гэр бүл салалт бий болдог аж.

Схемээр үзүүлбэл нэг иймэрхүү.



Гэхдээ нөхөр нь Солонгос явсан бүх эмэгтэйчүүдэд ийм ижил зүйлүүд тохиолдож байна уу гэвэл үгүй. Нөхөртэйгээ ойлголцоод, гэр орноо сайн сайхан авч яваад, явуулсан мөнгөөр нь амьдрал ахуйгаа болгоод байгаа хүмүүс байлгүй яахав. Гэвч эмэгтэйчүүдэд тулгараад байгаа эдгээр бэрхшээл нь өргөн хүрээг хамарсан, нийтлэг тохиолдож байгаа нь "гэнэхэн" судлаачид ч ил байсан юм. Уулзаж ярилцсан 2 хүн тутмын 1-ийнх нь хамаатан, танил садан нь Солонгос явчихсан, 4 хүн тутмын 3 нь гэр бүл салалт их байгааг дуу нэгтэй баталсан, 3 хүн тутмын 1 нь гэр бүл нь салсан /Мэдээж Солонгос явсантай холбоотой/ хүнийг тэр гээд зааж байгаа нь үүнийг хангалттай нотлох болов уу.


Үргэлжлэл бий.

No comments: