Monday, February 23, 2009

Өвөрхангайд зорчсон тэмдэглэл 1

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл гэдэг шиг Өвөрхангай аймагт ажлаар явсан 3 өдрөө ингэж нэрлэмээр санагдлаа. Өмнө нь би хамгийн холдоо Төв аймаг руу л ажлаар явж байсан юм. Хэдийгээр гуравхан өдөр ч гэсэн үзэж харах, мэдэж, таних юмаар арвин өдрүүд байлаа.

Эхний өдөр:
Шөнө нь Арвайхээрт ирэнгүүтээ аймгийн захиргааны дэргэд байрлах Хангай зочид буудалд буув. Байрлалын хувьд төвдөө, тэгээд ч яг захиргааныхаа дэргэд болохоор зүгээр санагдсан нь тэр. Үнэндээ өөр буудал хайгаад таньж мэдэхгүй газар шөнөөр яваад байх ямар л олиг байв гэж.
Буудал үнэхээр том юмаа. Гэхдээ дотоод засал, уур амьсгал энэ тэр нь яг л социализмын үед оччихсон юм шиг санагдсан шүү. Би тэр үед амьдарч байгаагүй л дээ, /ер нь бол амьдарч байсан, ардчилалтай золгоход би 4-хөн настай байсан юм чинь яаж мэдэхэв/ гэхдээ хүмүүсийн яриа, дээхнэ үеийн монгол кинонууд дээр гардаг дүр зураг бол тэр мөн байсан. Буудлын өрөө нь хүртэл “социалист” санагдсан шүү. За энэ ч яахав. Маргааш өглөө нь буюу ажлын эхний өдөр боллоо. Энэ өдрийг би аймгийн захиргаан дээр холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ажиллахаар шийдсэн болохоор ажлын цаг эхлэнгүүт л Нутгийн захиргааны ордон руу ороод явчихав. Өө нээрээ би яг ямар ажлаар явж байгаагаа танилцуулаагүй юм байна ш дээ. Судалж байгаа асуудал маань “Гадаад шилжих хөдөлгөөн ба ард үлдсэн эмэгтэйчүүд”-ийн тухай л даа.

Юун түрүүнд тус аймгаас хичнээн хүн, ямар шалтгаанаар, хаашаа явсаныг тодруулах байсан юм. Ингээд л захиргаан дээр байрлах аймгийн Иргэний бүртгэлийн газар, Статистикийн газар, захиргааны хажууд байх хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан газар гээд нэлээд хэдэн газраар оров. Нэлээн гүйсний эцэст гадаад шилжих хөдөлгөөнд хамрагдсан буюу гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан хүмүүсийн албан ёсны бүртгэл байхгүй болж таарав. Энэ нь 1-рт шилжиж явсан хүмүүсээ хаашаа явсаныг нь нарийн тэмдэглэдэггүй, /Өвөрхангайгаас гарсан, Өвөрхангайд ирсэн гэсэн ерөнхий үзүүлэлтээр л тооцдог/, 2-рт гадаадад ажил хөдөлмөр эрхлэхээр явсан хүмүүсээ шилжих хөдөлгөөнд хамрагдсан гэж үздэггүй /эдгээр хүмүүс тус аймагтаа оршин сууж байгаагаар л бүртгэгддэг/ зэрэгтэй холбоотой аж. Иймээс аймгийн хэмжээнд хичнээн хүн гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан тухай албан ёсны мэдээ байхгүй болов. Гэхдээ Өвөрхангайгаас нэлээн олон хүн, Солонгос руу ажил хийхээр гарсан, эдгээр хүмүүсийг тус аймгаас сонгогдон УИХ-д сууж буй З.Энхболд гишүүн болон бусад гишүүд, мөн НХХЯ-ны дэд сайд Чинзориг нар түлхүү гаргасан болохыг мэдээд авав.

Ингээд иргэдийг Солонгос явахад бүртгэж байсан газрууд болох Арвайхээр сумын ЗДТГ, Арвайхээр телевиз рүү очлоо. Арвайхээр телевизийн байранд З.Энхболд гишүүний тусламжтайгаар гарч байсан иргэдийг бүртгэж байсан аж. Зөвхөн тэндээс л гэхэд 600 гаруй хүн /аймгийн хэмжээнд/ явжээ. Харин нөгөө газар нь Чинзориг сайдын тусламжтайгаар /НХХЯ-ны шугамаар/ бүртгэл хийж, гаргаж байсан газар аж. Эндээс Арвайхээр сумын хэмжээнд 730-аад хүн явсныг тодруулж чадав. Ажил маань овоо урагштай, гэхдээ л аймгийн хэмжээнд яг хэдэн хүн Солонгос явсаныг мэдэж чадсангүй. Дээрх уулзаж ярилцсан хүмүүс, тэгээд бас зарим иргэд, төрийн бус байгууллагынхны ярианд үндэслэн ямар ч байсан явсан хүний тоо 1000 давсан гэж барагцаалав. Ер нь хаа ч явсан төр захиргааны байгууллагын ажилчдын хүнд суртал гэж нэг дийлддэггүй юм байх юмаа. Хөдөө орон нутагт ч ялгаагүй хүнд суртал нүүрлэчихсэн байна гэж бодсонгүй. Нэг бол цоожтой хаалга мөргөөд буцах, нэг бол нүдний шилний дээгүүрх харцанд ширэв татуулах хандлага хаа сайгүй л байх аж.

Ингэж явсаар цайны цаг аль хэдийн болоодохов. Арвайхээр хэмээх цайны газар орж цуйван хэмээх ганцхан сонголтыг сонгов. Дажгүй л санагдсан. Яг миний хийдэг шиг ямар ч ногоогүй, зүгээр л мах, гурил байсан нь элдэв ногоо цагаанд сүжиггүй надад таалагдсан хэрэг. Харин үнийн хувьд хотынхоос бараг ялгаагүй байсан шүү. Ер нь Өвөрхангайд өргөн хэрэглээний бараа гэж нэрлэгддэг зүйлс яг Улаанбаатартай ижил үнэтэй байлаа.

Үдээс хойшхи цагийг иргэдтэй уулзахад зориуллаа. Эхний ээлжинд хамгийн тохиромжтой хүмүүс нь худалдааны газрын хийх юмаа олж ядаж байгаа худалдагч нар байдагийг гадарлах /тэгээд ч тэд нараас дараагийн респондентоо хаанаас олохыг хэлээд, чиглүүлээд өгдөг/ тул шууд л зах руу зүглэв. Би ч зөв бодсон байлаа. Энд нэлээд хэдэн хүнтэй уулзаж, тэдгээр хүмүүсээ судлах, дараагийн респондентоо олох зэрэг давхар давхар зорилгоо биелүүлээд амжив. Ингэсээр бүрий тасарч, зах хаахын үед буудалдаа эргэж ирлээ.

No comments: